ГЭРЭЭ БАЙГУУЛАХААС ӨМНӨХ ГЭРИЙН ДААЛГАВАР: Хуулийн магадлан шалгалт

Legal due diligence буюу хуулийн магадлан шалгалтыг гол төлөв бизнесийн харилцаанд орж байгаа бизнес эрхлэгч буюу компанийн зүгээс хуульч хуулийн фирмийг хөлсөлж хийлгэдэг. Хууль зүйн үйлчилгээний зах зээлд хөрөнгө оруулалтын гэрээ, зээлийн гэрээ, хамтран ажиллах гэрээ, компани буюу компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ байгуулахын өмнө тухайн компани, хувьцаа, төсөл, барилга, тусгай зөвшөөрөл, эрх, шаардах эрх (зээл, барьцаа гэх мэт) гэх мэт обьект дээр хууль зүйн бүх эрсдэл, асуудлыг шалгах, үнэлэх, дүгнэлт, зөвлөмж гаргуулах зорилгоор хуулийн магадлан шалгалтыг ихэвчлэн хийлгэж байна.

Тэгвэл компаниас гадна иргэн та өөрийн байгуулах гэж буй гэрээтэй холбогдуулан хуулийн магадлан шалгалтыг хуульч өмгөөлөгч хуулийн фирм хөлсөлж нарийвчилсан байдлаар хийлгэх боломжтой. Үүнээс гадна иргэн та өөрөө тухайн гэрээтэй холбоотой ерөнхий асуудлыг шалгах, хууль зүйн эрсдэлийг урьдчилсан байдлаар дараах хүрээнд нягтлан шалгах боломжтой:

  1. Гэрээлэгчээ судлах:

Гэрээлэгчийн хөрөнгийн байдал, эрх зүйн чадвар чадамж, татвар нийгмийн даатгалын өр, гарын үсэг зурах эрх бүхий этгээд мөн эсэх асуудлыг шалгана. Жишээлбэл, иргэнтэй гэрээ байгуулж байгаа бол иргэний үнэмлэх, регистрийн дугаар, иргэний бүртгэлийн дугаар, хаягийг тодруулна. Компанийн тухайд нэр, регистрийн дугаар, хаяг, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлын мэдээллийг https://opendata.burtgel.gov.mn/les вэб сайтаар орж харах боломжтой. Мөн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг улсын бүртгэлийн гэрчилгээнээс харах нь зүйтэй. Гэрээлэгчийн хөрөнгийн байдал, татвар нийгмийн даатгалын өр төлбөрийг тухайн гэрээлэгчийн холбогдох лавлагаа тодорхойлолт (e-mongolia)-ыг нь авч шалгана. Цаашлаад гэрээлэгчийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа эсэхийг https://police.gov.mn/suspect вэб сайтаас орж харж болно.

  • Гэрээний зүйлээ шалгах:

Орон сууц, газар, тусгай зөвшөөрөл, барилга, компани, хувьцаа, төсөл гэх мэт гэрээний зүйлтэй холбогдох гэрчилгээ, зөвшөөрөл, шийдвэр, гэрээ, дүрэм, техникийн нөхцөл, зураг төсөл зэрэг олон төрлийн баримт бичгийг шалгана. Тухайн баримт бичиг нь хамгийн сүүлийн хувилбар мөн эсэх, үнэн зөв жинхэнэ эсэхэд эргэлзэж байвал холбогдох байгууллагууд (улсын бүртгэл, газрын алба, барилгын хөгжлийн төв, бусад төрийн байгууллагууд)-аас лавлагаа тодорхойлолт авах замаар шалгана. Жишээ нь: газрын талаарх мэдээллийг газрын кадастрын нэгдсэн систем https://egazar.gov.mn/map вэб сайтаас орж харах боломжтой.

  • Шүүхийн хэрэг маргаан, шүүхийн шийдвэрийн өр төлбөрийн талаар шалгах

Тухайн гэрээлэгч иргэн хуулийн этгээд нь шүүхэд хариуцагчаар татагдсан эсэхийг шүүхийн цахим систем https://live.shuukh.mn/site/zar вэб сайтаас, холбогдох шүүхийн шийдвэр гарсан эсэхийг шүүхийн шийдвэрийн цахим сан https://shuukh.mn/cases/2/1 вэб сайтаас орж хайх боломжтой. Харин шүүхийн шийдвэрээр бусдад төлөх өр төлбөртэй эсэхийг тухайн иргэн хуулийн этгээд өөрөө хандаж авсан e-mongolia-гийн лавлагаанаас харна.

  • Гэрээнд гарын үсэг зурах этгээдийг шалгах

Гэрээлэгч иргэний өмнөөс төлөөлж өөр хэн нэгэн гэрээнд гарын үсэг зурах тохиолдолд тухайн этгээдэд олгосон итгэмжлэлийн агуулга, хүчинтэй байдал, хугацаа, нотариатаар гэрчлэгдсэн эсэхийг сайтар нягтлах шаардлагатай. Харин хуулийн этгээдийн хувьд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий захирал нь мөн эсэхийг компанийн гэрчилгээнээс эсвэл https://opendata.burtgel.gov.mn/les вэб сайтаас орж шалгана. Төлөөлөх эрхгүй этгээдийн хувьд компанийн захирал эсвэл хувьцаа эзэмшигчдийн хурал буюу төлөөлөн удирдах зөвлөлөөс гарын үсэг зурах эрх олгосон тушаал шийдвэр тогтоол заавал байх шаардлагатай. Мөн түүнчлэн өндөр үнийн дүнтэй гэрээний тухайд уг гэрээ нь компанийн хувьд их хэмжээний хэлцэл мөн эсэхийг лавлаж нягтлах нь зүйтэй ба их хэмжээний хэлцэл байвал хэлцэл хийхийг зөвшөөрсөн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр буюу төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол байх шаардлагатай.

Гэрээ байгуулахаас өмнөх гэрийн даалгавраа хийсний дараа хууль эрх зүйн эрсдэлтэй асуудал гарсан тохиолдолд хэрэв тухайн асуудал ноцтой бол гэрээг байгуулахаас татгалзах, хэрэв ноцтой биш асуудлын хувьд уг эрсдлийг хаах бусад арга хэрэгсэл (барьцаа, баталгаа, батлан даалт, даатгал, хамтран үүрэг гүйцэтгэгч гэх мэт)-ийг гэрээндээ тусгаж өгөх хэрэгтэй. Харин гэрээ байгуулсны дараа асуудал зөрчил байсныг олж мэдвэл үүнийг засч залруулж, гэрээгээ хуульд нийцүүлэн өөрчлөх замаар хожим үүсч болох нэмэлт эрсдлээс та өөрийгөө хамгаалах боломж бүрдэнэ.

Эцэст нь дээрх гэрийн даалгаврыг илүү нарийвчлан хийх, дүгнэлт зөвлөмж авах, гарсан эрсдлээс өөрийгөө хамгаалах, эрсдлийг бууруулах, хууль зүйн эрсдлийг сайтар зохицуулсан гэрээ боловсруулуулах зорилгоор хуульч өмгөөлөгч буюу хуулийн фирмээс үйлчилгээ авах нь зөв. Ингэснээр та өөрийгөө гэрээнээс үүдэн гарах хууль зүйн эрсдэлээс илүү найдвартай хамгаалах боломж бүрдэнэ.

Үйлчлүүлэгчдийн тоо
0
+
Эрх зүйн баримт бичиг
0
+
Дуусгасан ажлууд
0
+
Ажилласан нийт цаг
0
+